Ах нь япон яваад ирлээ шдээ... гэсээр харих цаг дөхөж байна.
Япон орон, япон хүмүүс, ёс заншлын зах зухаас үзэж таньж 5-6 жил болжээ. Мартана гэдэг маниас өмнө байсан болохоор үзсэн харсан нь байгалийн жамыг дагаж цагийн аясаар элэрч баларч санагдахгүй, сэргээгдэхгүй болчихож магад. Хариад юу хэлж хуйхаа маажих билээ, ядаж ганц нэг шпаргалк үлдээе.
Өмнөх тэмдэглэлүүдэд байхгүй болон ажил сургуультай холбоогүй зүйлсийг бичнэ.
Анх 2004 оны өвөл 1 сарын хугацаатай. |Энэ хугацаанаас тооцвол 8 жил|
2005 оны 1 сард 2 сарын хугацаатай.
2006 оны 3 сард 7 хоног.
2006 оны 6 сарын 30-д |эндээс эхлээд сар өдөр санагдаж эхлэв.| Кансайд буув.
2007 оны 2 сард нэг сарын хугацаатай Монгол явчаад ирэв.
... Хэзээ харих нь энд бичигдэнэ.
2004, 2005 онуудад хүйтэн үеэр ирсэн байсан тул Японы зуны тухай ямар ч ойлголтгүй ирээд соёлын дайрлагад өртөхөөс өмнө халууны дайрлагад дайруулав. Багаасаа дугуй унаж сураагүйн гор гарч халуун наранд хоёрхон км алхаад наранд цохиулж гурав хоног гэртээ хэвтэж билээ. Соёлын шокны эхлэл нь бүх нийтээр дугуй унах хөдөлгөөнд хамрагдах асуудал байлаа. Унаж тусан хөл дээрээ тэнцсээн гэж дуун дээр гардаг шиг энд тэндхийн поошиг, гэрлийн шон, байшингийн хана мөргөн тоормозлож, сууж нэг түрж нэг явсаар долоо хоногийн дараа дугуйн дээрээ тогтдог болж сарын дараа жирэлзтэл давхидаг болов. Хэт хурднаас болж хэд хэдэн удаа айхтар унаснаас хойш өөрийгөө дугуйн уралдааны тамирчин биш гэдэгтэйгээ эвлэрэв. Тод санаж байгаа тохиолдолоос: бороотой үед ус зайлуулах сувгийн төмөр таглаа дээр зогсож байгаад ирж яваа машинаас амжихаар огцом хурд авч хөдөлтөл хойд дугуй шарваж ... нэг мэдсэн уулзвар дээр дээшээ харцан хэвтэж байх юм. Азаар нөгөө машины жолооч бороотойд аажуухан явж таарсан. Машинаасаа бууж ирээд зүгээр үү гэж жолооч хүүхнийг асуухад хөл гар толгой их өвдөж байсан ч толгой дохичоод гэрийн зүг дугуйгаа түрэн амандаа ёолсоор харьж билээ.
Бас нэг тохиолдол нь хотын төвд долоо хоногтоо сайн дурын өвөө эмээ нартай уулзаж хэл заалгадаг хичээлд амжихаар их л яаруу жийж байлаа. Замын талд хурдалж явахдаа уулзвар нэвтрээд гарах үед нөгөө талын боржуурыг мөргөөд өөрөө дугуйгаа давж үсрээд газар унах үед дугуй миний дээгүүр гараад бүтэн эргээд газарт унасан. Газар унахдаа нилээд чанга унасан учир хоёр өвдөг, гарын тохой, алга, хацар шалбарч чулуу шороо чихчихсэн, өмд цамц нь цус нэвчээд дусалцан хичээл эхлэхээс өмнө амжиж орж билээ. Тэр үед эмээ нарын сандарч байгаа гэж. Энэ мэтчилэн байсхийгээд л дугуйнаас унаад эхний жилдээ хөл гараа боосон, шарх сорви болсон хүн явдаг байж.
Нэгэнт дугуй ярьсных анх найзын өгсөн дугуйг унаж сураад дараа нь өөрөө хуучин эмээ дугуй \урдаа сагстай, эмээ нар их унаад байх шиг болохоор нь анх тэгж нэрлэцэн байсын.\ 4000ээнээр авч унасан. Тэр дугуй маань одоо ч явсаар л байгаа. Дунд нь бас 2 ч уулын дугуйтай байсан нь бүгд миараад сэлбэгэнд яваад дууссан. Японд хамгийн эвтэйхэн дугуй бол эмээ дугуй. Жоохон хатуу болохоос нуруу ядрахгүй, сагстай болохоор хоол хүнс, цүнхээ хийчнэ, даац сайтай \Том ТВ, бичил долгионы зуух хүртэл цэцэглүүлээд ачаад ирж болдог\.
Дараагийн соёлын шоок бол насанд хүрэгчдийн видео прокат, бас бус юмс зардаг дэлгүүрүүд... Ийм дэлгүүрүүд нь голдуу нууцлагдмал байрлалтай, дотор нь элдэв юмс болон кино байдаг. Кино бол ойлгомжтой хэт бага наснаас эхлээд эмээ нарын кино ч бий. Нийтлэг шаардлага нь биеийн зарим нэг хэсгийг хааж бүдэгрүүлсэн байх. Элдэв юмс гэдэгт их асуудалтай. Кинон дээр гарч байгаа хэрэгслүүдээс авахуулаад, хэрэглэсэн дотуур хувцас өмсөж байсан эзнийхээ зурагтай, янз бүрийн эрзээнэн тоглоом, хүүхэлдэй, бараг л насанд хүрээгүй шахуу охидуудын нүцгэн плакат ... Оддыг хагас нүцгэн зурагнууд, сэтгүүлүүд, зарим нэг үнэгүй ДВДны хамт...
Ийм дэлгүүр чөлөөтэй улсад маниак их байхаас ч яахав. Үйлчлүүлэгчид нь насанд хүрсэн бүх эрчүүд. Ганц ч эмэгтэй хүн явж байхыг хараагүй.
Дайрлагад өртөхийн хажуугаар анх ирээд гоё сайхан зүйлсийг гайхан биширч явлаа. Хүмүүсийн найрсаг байдал, үйлчилгээний соёл, үзэмжит байгаль, улирлын онцлогууд, хоорондоо эрс ялгаатай баруун зүүн Япон, ... гээд л хаана ч дурсагдаж явах зүйлс олон.
Нийтлэг үйлчилгээний соёлын хувьд дэлхийд номер нэг биз. Үйлчлүүлж байгаа нь ч, үйлчилж байгаа нь бие биенээ хүндэтгэсэн.
Японы тухай өндөр өндөр байшин, гишгэх аргагүй битүү хүн, өдөр шөнөгүй гэрэлтэй том хот хэмээн төсөөлж иртэл онгоц газардах мөчөөс андуурч байснаа ойлгосон. Алсад үзэгдэх тариалангийн талбайнууд, намхавтар байшингуудын завсраар ой модоор хүрээлэгдсэн уулан дунд буухад буруу газар ирчихэв үү гэж эргэлзэж ч байв. Эсрэгээрээ Монголын тухай төсөөлөл дийлэнх хүмүүст өрөөсгөл. Монголчууд бүгд хөдөө амьдардаг, машин тэрэг ховор, өндөр байшин ховор, нэг л их мах идэж, бөх барилдаж, морин дэл дээр хийссэн хүмүүс гэж төсөөлдөг. Танайд энэ машин бий юу гэж асуухад нь манайд бүх төрлийн машинууд, бүр Японд явдаггүй машинууд ч байдаг гэж хариулдаг. Уулзсан Япон хүн бүрт Монголын хүн амын тал хувь нь Японтой адил том хотод дулаан орон сууцанд амьдардаг. Харин ч өвөлдөө байрандаа Японоос илүү тав тухтай аж төрдөг гэдэг юм.
Бид өөрсдийгөө эрс тэс уур амьсгалтай гэж хэлдэг ч арлын улс түүнээс дутахгүй эрс тэс. Монгол арай илүү хүйтэн талдаа. Өвөл нь жиндүү хүйтэн, зун нь бүгчим халуун. Хэт их хүйтэн үзээгүй болохоор Монголын -30 хэм төсөөлж чадахгүй байгаам. Бүр эмч хүн хүртэл надаас гадаа шээхэд газар уналгүй хөлддөг үү, яаж хүндэрдэг вэ гэж асуудаг байсан.
Газар нутгийн хувьд уртаашаа сунаж тогтсон учраас хойд урд нутаг ялгаатай. Окинава бол экватор орчмын халуун уур амьсгалтай. Өвлийн улиралд нэмэх 20 хэм байхад хойшлох тусам сэрүүссээр Хоккайдо-д -20 хэм давна. Харин хур тунадас баруун эргээрээ их унана. Өвөлдөө Япон тэнгис тал битүү цасаар хучигдаж байхад ердөө 100 хүрэхгүй км-н цаанаас бүтэн өвлийн турш ганц ч цас унахгүй тохиолдол бий. Ийм цаг агаарын байдал нь амьдралын хэв маягт хүртэл нөлөөлдөг бөгөөд тухайн бүс нутгуудад оршин суугчид өөр өөрийн онцлогтой байдаг. Хойд нутгийнхан дөлгөөн тайван, удаан хөдөлгөөнтэй бол өмнө зүгийнхэн хурдан хэл яриатай. Хоорондоо бас ойлголцоход хэл яриа өөр зүйл ч бий.
Хэдий өндөр хөгжилтэй ч байгалийн гамшиг их тохиолдоно, нилээдгүй хүн жилдээ цаг бусаар нөгөө ертөнцөд явна. Газар хөдлөлтийн идэвхтэй бүс, далайн шуурганы зам дагуу, ширүүн бороо, хөрсний гулгалт, цунами... Дээр нь өнгөрсөн жилээс радиацын аюул. ЦЦС дэлбэрсэн нь байгалын гамшгаас л үүдэлтэй. Олон зуу мянган жилийн турш нэрвэгдэж ирсэн болохоор бусад орноос илүү бэлтгэл сайтай, зохион байгуулалттай. Хэрвээ өөр улс оронд ноднингийн гамшиг тохиолдсон бол илүү их гарз хохирол учрах байсан.
Аялал жуулчлалаар их ашиг орлого оруулдаг хүмүүс бол Япон жуулчид. Гэсэн хэдий ч Япон хүн бүр цаг үргэлж зугаалж тэнээд мөнгө үрээд байдаггүй, хүн бүр баян биш. Дараагийн бүлэгт нийгмийн давхаргын талаар...
No comments:
Post a Comment