Saturday, July 3, 2010

Яагаад яагаад ба ховч охин

Өнгөрөн одож буй цаг хугацаа бүр дурсамж дурдатгал болон хүн бүрийн тархины атираа нугалаан хаа нэгтээ нуугдан үлдэж ирээдүйд ачааллагдахаар хүлээгдэж байдаг биз.
Тэнд л миний хорвоотой танилцаж эхэлснээс хойш 5 мэдэрхүйд тусгагдсан бүх мэдээлэл хадгалагдаж байгаа гээд бодохоор ухаж төнхөж, бүгдийг нь илрүүлэн гаргамаар болох юмаа. Яг одоо надад өөрийн минь тухай бүрэн дурсамж бий билүү. Би багадаа ямар хүүхэд байсан, юунд дуртай байсан, юу хэлж ярьж, ямар тоглоомоор тоглодог байсан...
Өнөөдөр охин маань том болж хорвоогийн сайтай муутай бүхий л зүйлсийн тухай мэдээллийг өөрөө ч анзааралгүй цуглуулж гүйж харайж яваадаа. Эцэг эх маань надад сануулж хэлж ярьж өгсөн шиг ирээдүйд түүнд яг энэ мөчийнх нь тухай дурсамжийг аав ээж нь л сануулж хэлж чаднаа. Одооноос үүнд бэлдэхгүй бол өчигдөр болж өнгөрснийг өнөөдөр бүтэн санахгүй байгаа аавын толгойноос ирээдүйд ухаад ухаад юм олдохгүй миний охин аавтайгаа л адилхан байсаан гээд сууж байж мэдэх юм.

Охин минь одоо 3 нас хүрч өөрийн насныхны хэмжээнд сэтгэдэг, ярьдаг, санасан бодсоноо илэрхийлдэг болжээ.  Өнөөдөр туйлын хүсэл мөрөөдөл нь аав ээжтэйгээ хамт байх,  амттай юм идэх, аль болох их тоглоомтой болж, цаг минут бүр тоглох байхаа.
Сүүлийн үед яагаад яагаад гэдэг асуултыг олон удаа тавьж ээжийгээ зовоож байгаа гэсээн. Өмнө нь болохгүй гэдэг үгийг анзаарч сонсдоггүй байсан юм болов уу, өөрт нь хүрч болдоггүй, томчуул хүрч болддог зүйлс дэндүү олон байгаад эгдүүцэж байгаа юм болов уу. Сонирхон судалмаар, гараар барьж, өөрөө хиймээр бодогдож байгаа болов уу.  Ээжтэйгээ ярьсанаас нь сийрүүлбэл:
Ээж: Миний охин хайчаар тоглож болохгүйэ
Охин:  яагаад, Энхүүнээ хайчаар цаас хайчилмаар бна?
Ээж: Хайч аюултай, миний охин болохгүй.
Охин: Яагаад, Энхүүнээ-н томодачи/найз/ хайчилдаг. цэцэрлэг дээрээ зөндөө хайчтай.
Ээж: Тэр чинь жоохон хүүхдүүдийн хайч байгаамаа
Охин: Яагаад... гэх мэтээр...
Энхүүнээ маань бас их барьцамтгай болж байгаа. Энэ ч насных нь онцлог биздээ. Үеийнхээ хүүхдүүдтэй тоглоом булаацалдана, заавал тэдний тоглож байснаар тоглох гэнэ. Заавал тэдний барьж байгааг барих сонирхолтой. Нөгөөдүүл нь ч адилхан доо. Цэцэрлэгтээ яваад ирэхдээ заримдаа гараа хазуулчихсан, уруулчихсан, хувцсан дээрээ зуруулчихсан ирнэ. Эндээс нийгмийн харилцаанд оролцох эхлэлээ тавьж байгаа байхдаа. Санаа зовоож байгаа нэг асуудал бол охин маань өөрөө асуудлыг шийдэхгүй аав ээждээ ирж ховлох нь ихсээд байгаа. Жоохон зүйлд л ээжээ энэ хүүхэд намайг ингэсэн, тэр хүүхэд ингэсэн, энэ Эмма миний тоглоомыг авсан гэж ирээд л заримдаа бүүр уйлна. Бүүр гайхшаа барах юм. Аав ээж нь ховлож бай, хэлж бай гэж зааж өгөөгүй л юмсан. Тэгтлээ их аргадаж энхрийлээд байдаггүй юмсан. Хов битгий хэлж бай гэхээр ирээдүйд сургууль дээрээ болсон зүйлсээ аав ээждээ ярихаа байчих юм болов уу Бас ховлох тоолонд нь зөвтгөж аав ээж ньшийдвэр гаргасаар бие даасан бус, бусдын амыг харсан болчих юм болов уу. Хэдий насанд нь ховлолтыг дэмжиж, хэдий насанд нь буруушаах хэрэгтэй вэ. Энэ тэнцвэрийг өнөөдөр, маргааш, ирээдүйд хэрхэн барих хэрэгтэй юм болдоо?
Хүүхэд хийх нь амархан, өсгөж хооллож ундлах нь ч гайгүй, харин хүн болгож хүмүүжүүлэх нь нилээд хэцүү бололтой. Хэдэн мянган жилийн турш эцэг эхчүүдийн өмнө тулгарч байсан, цаашид ч байсаар байх томоохон бэрхшээл байхаа. 6 тэрбум болтлоо өсөж үржснийг бодоход ямар нэг арга замаар хүмүүжүүлээд хүн болгоод л ирж дээ. Сухомлинскийн хүүхдийн хүмүүжлийн тухай улаан хавтастай ном багадаа уншиж байсан, тэр номоо олж уншдаг юм билүү. Хэн нэгэнд байхгүй л байхдаа.

2 comments:

  1. байнга анхаарал татаж байх дуртай, өөрийг нь сонсохгүй анхаарахгүй байвал хэлсэн юмаа зурагдсан пянз шиг давтаад л байна...

    хүүхдийн хувьд ээж аав нь хамгийн гол туслагч, нөмөр нөөлөг нь юм чинь туслуулах гээд ирэхэд нь тухай тухай үед нь аргадаад, тайвшруулаад, буруу бол тэрийг л залруулаад өгөх нь зөв байхаа. Харин хүүхдээ тоглож байхад нь ээж аав нь өөрсдөө дундуур нь ороод ингэ тэг гээд байхгүй л бол.

    Би нэг ном дунд нь оруулаад хаясан юм байна. Тэрийгээ гүйцээж уншаад юм мэдвэл хэлж өгнөө. Хүүхэд өсгөх хүмүүжүүлэх тухай ном байсийн. Заавал Сухомлинский гэхгүй наагуур чинь зөндөө л ном байдаг байлгүй дээ хө.

    ReplyDelete
  2. Яг тэгдэг, анзаарахгүй байна гэж бодвол дахин дхаин яриад л дуу нь чангараад л...
    Энэ хавиар олигтой ном байхгүйэ.

    ReplyDelete