Wednesday, November 25, 2009

Багахан аялал

Өнгөрсөн долоо хоногт гэр бүлээрээ багахаан шиг аялал зохион байгуулвай. Аяллын гол зорилго бол Нара-д амьдардаг дүүгийндээ хийсэн айлчлал, хот газрын бараа харж нүдээ баясгах, усан онгоцоор машинтайгаа аялах зэрэг байлаа.
Бямба гаригийн өглөө 4 цаг 30 мин-д босоод л урьд орой нь бэлдэж тавьсан хувцсаа өмсөөд цайнаасаа хэд балгаж аваад Нанкай фэрри тэрминал руу жирийвээ.

Ингэж эрт босдог нь учиртай. Сүүлийн үед Токушима, Вакаяма хооронд явдаг усан онгоцны тээвэр амралтын өдрүүдээр бараг 10 дахин хямдраад байгаа тул машинаар явах нь хямдхан тусаад байгаа юм. Жолооч нь машинтайгаа 1000ээн. Ердийн үед 9400ээн ч билүү. Амралтын өдрүүдээр тус 2 аймгийн нөхдүүд бараг л толгойтой болгон дэмий тэнэх нь их болсон тул долоо хоногийн өмнөөс л захиалга өгч байхгүй бол битүү байдаг болсон бна лээ. Миний хувьд 2 хоногийн өмнө нь л явах эсэхээ эцэслэн шийдсэн тул хар өглөөгүүр л ганц машины зай олж захиалганд багтаж шингэсэн нь тэр. За баахан нурших шинжтэй.
Усан онгоцоор 2 цаг гаран яваад Вакаяма-д ирлээ.

Усан онгоц дотор бол сонин юм огт байхгүй. Машинаа дотор нь оруулж тавьчаад дээшээ гараад л хивсэнцэр дэвссэн том талбайд зулчихдаг юм билээ. Зураг дээр Вакаяма Фэрри Тэрминал, Токушима Фэрри Тэрминал. Миний авсан шөнийн зурагнууд олигтой гараагүй тул гүүглэдэж байгаад авчихав.

Биеийн бэлтгэлээ базааж аваад 7 цаг 30 мин орчимд хөдөлж Нара аймгийн Оожи хотыг зорьлоо. 12 цагийн үед  Оожи хотод ирлээ. Тус хот манай Токушима-с жижигхээн, уулан дотор л байрладаг бөгөөд илүү юм нь эх арлын хаа ч байдаг цахилгаан тэрэг байлаа. Манай Шикоку даяар бол хөөрхий дизэл галт тэрэг л утаа униар татуулан давхилдана даа.

Заа тэгээд дүүтэйгээ уулзаж баярлаж хөөрч, орон гэрийг нь төвхнүүлж өгөөд хоол идэхээр гарлаа. Муу хүн идснээ гэдэг тул идсэн хэсгийг нь хасаад шууд дараагийн хэсэг рүү шилжье. 11 сарын 21 нь Юникло дэлгүүрийн 36 жилийн ой байсныг хар үүрээр Баянаа-н зүтгэл гарган утасдаж хэлснийг баталгаажуулахаар Оожи хотын салбар дэлгүүрээр нь ороод гарваа. Нээрэн л хямдарсан байсан тул өвлийн бэлтгэл болгож хэдэн хувцас авсан болно.
За тэгээд Нара хавиар явсаар орой болж дүү байрандаа орж, эхнэр охин бид 3 зочид буудал бараадав. Манай дүү сургуулийнхаа дотуур байранд амьдардаг учир бид хонох боломжгүй л дээ.

За тэгээд оройн хоол, өглөөний хоол бүгд идсэн уусантай холбоотой ба онцгой зүйл байгаагүй тул гасав.
22-ны Ням гаригт Оосака хотоор тэнэв. Машинтай явахад зогсоол, зам мэдэхгүйн улмаас төвөгтэй тул дэнша-аар явсан нь дээр гэж шийдээд Осака-г зорьсон.

1 цаг шахам яваад худалдааны гудамж Намба -д ирээд дэлгүүр л хэсээд байлаа. Миний хувьд гутал хувцасны дэлгүүр хэснэ гэдэг шийтгэлээс ялгаагүй санагддаг тул охиноо аваад цахилгаан барааны дэлгүүр хэсэхээр шийдлээ. Бараг бүтэн өдрийг Биг Камера-д өнгөрөөж аппаратандаа фильтр л худалдаж авлаа.

 
Намба-г нэг өдөрт явж дуусна гэж байхгүй тул эргээд Оожи хот руугаа сүүлийн дэнша-р харьлаа. Харихаасаа өмнө НЕР5 гэдэг дэлгүүрийн алсыг харагч дээр сууж үзлээ. Өмнө нь нэг удаа Оосака Аквариум-н хажуугийн алсыг харагчид суугаад дахиж хэзээ ч суухгүй гэж ам тангараг өргөсөн маань эвдэгдэж үнэгүй юманд нугасгүйн адилаар үнэгүй гэхээр нь сууж л орхилоо. Суучаад тэрхэн хооронд яах гэж гаравдаа гэж харамсаж байсан ч буусан хойноо би ч бас гарцан шүү энэ дээр гэсэн юм боддог юм байна лээ. Дахиж иймэрхүү зүйл дээр хэзээ ч гарахгүй гээд амалцан байгаа...

Энэ бол тэр алсыг харагч дотроос авсан зураг. Нилээд өндрөөс бороотойд авсан тул шилэн дээр нь борооны ус, цан тогтоод...






23-ны Даваа гаригт алжаалаа тайлаад 10 цагийн үед сэрж цай хоолоо ч идэж уулгүй Нара хотыг зорьлоо. Нара, Оожи хотын зам нилээд нарийхан, бас амралтын өдөр болохоор ч тэр үү нилээд түгжээтэй байсан тул 30 км газрыг 2 цагт туулан Тодайжи буюу Зүүн Том сүмд ирлээ. Ирчээд бас нэг асуудалтай таарсан нь зогсох зогсоол байдаггүй.
Хамгийн том сүмийг ч хэлэх үү, ёстой хүн машин бужигнаж байлаа. Арайхийж дугаарлан зогсож анаж байж л нэг газар машинаа тавиад сүм рүү ороод явчлоо.

Энэ сүмд дэлхийд хамгийн өндөр, модоор хийгдсэн Бурхан багшийн дүр байдаг юм билээ. Суугаа байдалтай өндөр нь 15 мээтэр орчим бөгөөд бас л хүн амьтан бужигнаж байна лээ. Энэ тухай зурагнууд дээрээс харна биздээ.
Ер нь Нара аймаг бол 1000 жилийн түүхтэй хот тул эртний сүм хийд, байшин олонтой юм билээ.

1 цаг 30 мин гээд Нара хотоос гараад Оожи-г зорьлоо. Бас л битүү түгжээтэй замаар явсаар 4 цаг болж байхад зорьсон газраа ирээд бага зэрэг бэлтгэлээ базааж аваад эргээд Вакаяма орох замдаа гарлаа. Учир нь усан онгоцоор буцах захиалга маань 23-ны 21 цаг 35мин байсан юмаа. Уг нь 90 км газар боловч хурдны зам хэрэглэхгүй явахаар шийдсэн тул замд түгжээтэй байхаас сэрэмжлэн эртхэн гарлаа. Замынхаа тал буюу 40 км-ыг 2 цаг явсан гээд бодохоор Нара, Оожи ойролцоох хотууд ямархуу түгжээтэй байдаг нь тодорхой.

Гэхдээ ямар ч байсан усан онгоцондоо амжиж ирлээ. Ингээд 24-ний 1 цагт гэртээ орж ирснээр богинохон аялал маань төгссөн билээ.


Энэ аяллыг амжилттай өндөрлөхөд их хувь нэмэр гүйцэтгэсэн машиныхаа навигаторт их баярлаж яваагаа хэлэхгүй бол гомдох байх... Жоохон нарийвчлал багатай байсан тул 2 удаа замаас гаргаж өөр тийш нь явуулсан ч үүргээ хангалттай сайн биелүүлсэн.
Заа хөө эцэст нь ямар ч байсан усан онгоцоор 2тоо аялж үзсэн, том хотод дэмий тэнэж, шахцалдан агаараар нь хэсэгтээ амьсгалсан, дүүтэйгээ уулзсан болохоор зорилго биелсэн болой.
Зураг хөрөг нь харъя гэсэн хүнд харагддаг тул надаас битий нэхээрэй.

3 comments:

  1. багахан биш зөндөө том аялал болсон байнашдээ... онгоцноос бусдыг нь унаж хөлөглөсөн бололтой...

    Тэр алсыг харагч дээр дахиад суухгүй гэдэг учир жанцан нь?

    манай нөгөө 6 хүнтэй бүлгэмийн отгон гишүүний үзүүлсэн зураг дээрх шиг буудалд та гурав хоносымуу? Надад бол тэр л их хэцүү санагдсаан...бачуураад насорох байхаа отгон гишүүний хэллэгээр хэлэхэд...

    ReplyDelete
  2. гоё явцгаажээ

    би бас явмаар санагдаад хөлийн ул загатнав

    ReplyDelete
  3. Онгоц явахад хэтэрхий хол юм даа. Хэхэ.

    Алсыг харагч дээр суухаар хөлийн улнаас дээшээ юм огшоод байдымаа. Аль бүр Монголд байхын...

    Тиймэрхүү буудалд нэг хоносын... Гэхдээ би ганцаараа. Тэрийгээ бичдийн муу гэснээ дараа бүтэн тэмдэглэл болгохгүй бол багтахаан байгаад байлаа.

    ReplyDelete